"Соёл түгээе" уриан дор "Соёлын орон зай – Бидний орчин" аян өнөөдөр эхэллээ

"Соёл түгээе" уриан дор "Соёлын орон зай – Бидний орчин" аян өнөөдөр эхэллээ


   Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Соёлын орон зай - Бидний орчин” бүтээлч нэг сарын аяныг “Соёл түгээе” уриан дор улсын хэмжээнд өнөөдөр эхлүүллээ. Аяны зорилго нь соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилгыг олон нийтэд түгээх юм. Иймд бүх шатны төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийг байгууллагын орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа соёлтой байж, өөрсдийн үнэ цэн болсон соёлыг бусдад түгээж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэн аймаг, нийслэл, соёлын байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаанд оролцохыг уриалав. Мөн нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон соёл, урлагийн төдийгүй бүх шатны төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаан, нийтийг хамарсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцохыг хүслээ. Энэ аяны хүрээнд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгох, нийтийн соёлыг төлөвшүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, цахим орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулна. Мөн аянд идэвх санаачилгатай оролцож соёлын орон зайг бүрдүүлж чадсан байгууллага, иргэдийг бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж, шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчлахаар төлөвлөжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.